ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

5-р сарын 15-ны өдөр бол Олон улсын гэр бүлийн өдөр. “Багануур” ХК-ийн хувьд энэ өдрийг жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулан, уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жилийн тухайд хэсэг бүрийн төлөөлөл болсон 120 ажилтныг эхнэр /нөхөр/, 10-15 насны хүүхдийн хамт өдөрлөгт оролцуулсан юм.

Гэр бүлийн аз жаргалыг бүрдүүлэх гишүүн бүрийн тэгш байдал, хайр хүндлэл, үнэ цэнэ, эерэг харилцааг бий болгоход чиглэсэн “Харилцан хүндэтгэе” өдөрлөгт уурхайчдын гэр бүлүүд идэвхитэй оролцож нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Өдөрлөгийн үеэр уурхайчдын гэр бүлүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээ, хөгжилтэй сонирхолтой сэтгэл зүйн сургалт, гэр бүлээрээ уурхайчдын төгөлд мод тарих, Багануур-Сувилал ХХК-ийн эрүүл зохистой хоолны амталгаат үзэсгэлэнг зохион байгууллаа.

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал өдөрлөгийг нээж, мэндчилгээ дэвшүүлэн, компанийнхаа үйл ажиллагаа, уурхайчдынхаа эрүүл мэндийг дэмжин хэрэгжүүлж буй ажлууд, хүүхэд гэр бүлүүдэд чиглэн хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Тэрээр мэндчилгээнийхээ эхэнд уурхайчдын маань найдвартай ар тал байж, гэр бүлдээ санаа зовохгүй, амгалан тайван ажиллаж, амжилт гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг эхнэр, нөхрүүдэд нь талархал илэрхийлье гэлээ. Дараа нь ажилтнуудынхаа нийгмийн асуудалд чиглэсэн ажлаа танилцуулав. Тухайлбал, цалин хөлсний нэмэгдэл, эрүүл мэнд нийгмийн даатгалын өр төлбөр барагдуулалт, эрүүл уурхайчин хөтөлбөрийн хүрээнд ажлын байрны дасгал, хорт зуршлаас татгалзах хөдөлгөөн, өөрсдийн халбага сэрээгээ хэрэглэдэг болцгооё, хамтдаа алхацгаая, нуруугаа хайрлая, усыг зөв, тогтмол ууцгаая, хамтдаа жингээ хасцгаая зэрэг уурхайчдынхаа дунд хэрэгжүүлж буй нөлөөллийн ажлууд, ажилтнуудын эрүүл мэндийн зорилтот үзлэгийн тухай зэрэг хийж амжуулсан, шийдвэрлүүлсэн ажлуудаас гадна, хэрэгжүүлж эхэлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Үүний дараа 2024 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн эрүүл зохистой, иж бүрдэл хоолны ач холбогдол, шим тэжээлийн талаар Багануур-Сувилал ХХК-ийн зөвлөх, хоол зүйч Н.Оюундарь гэр бүлүүдэд мэдээлэл өгөв.

Дараа нь Багануур ХК-ийн сэтгэл зүйч Б.Номин “Би ээж аавтайгаа, би охин хүүтэйгээ” сэдвээр сонирхолтой сургалт зохион байгууллаа. Сургалтаар уурхайчид гэр бүлийн мод, гэр бүлийн мөрөөдөл, гэр бүлийн дүрмээ гэр бүлтэйгээ хамтдаа бүтээлээ.

“Харилцан хүндэтгэе” өдөрлөгт оролцсон аав ээжүүд бие биенээ ойлгон хүндэтгэх, хайрлах, энхрий үрсээ эрүүл, осол аюулгүй, амар тайван өсгөн бойжуулах, өсвөр насны хүүхдүүддээ анхаарал тавьж, найз нь, түшиг тулгуур нь байх тухай суралцаж, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн. Харин хүүхдүүд нь гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжих талаар ойлголттой болж, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.

Share this story!