“ЗӨВЛӨН ТУСАЛЪЯ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” сарын аяны хүрээнд Багануур ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс /ХАБЭАХ/ өнөөдөр “Зөвлөн тусалъя” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Тус хэлтэст ХАБ хариуцсан инженерүүдээс гадна үйлдвэрийн эмнэлэг, галын тасаг, байгаль орчны нэгж харъяалагддаг бөгөөд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Тухайлбал: ХАБ-н инженерүүд аюулгүй ажиллагааны чиглэлээр ажилтнуудад зөвлөгөө өгч ажилласан бол хөдөлмөрийн эрүүл ахуйч хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дуу чимээ доргио чичиргээ хэмжих багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргалаа.

Галын тасаг галын аюулгүй байдлын чиглэлээр ажилтнуудад мэдээлэл зөвлөгөө өгч, галын хорны тэмдэглэгээ хийх стикер бэлэглэлээ.

Үйлдвэрийн эмнэлэг Нура төвийн эрт илрүүлэг хариуцсан дэд захирал, хавдар судлаач, JCI мэргэжлийн сургагч багш Б.Бат-Эрдэнийг урьж нийт ажилтнуудад “Хавдар өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт эрүүл мэндийн лекц уншууллаа. Лекцийн үеэр ХАБЭАХ-ээс компанийн 9 хэсэгт нурууны татлага хийх дасгалын төхөөрөмж хүлээлгэн өгөв. Мөн Монос группийн харъяа Health point ХХК-г ирүүлж Био энергийн аппаратаар үнэ төлбөргүй оношилгоо хийлгэж, дархлаа дэмжих төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисын хямдралтай худалдаа зохион байгууллаа. Уг өдөрлөгт Багануур-Сувилал ХХК оролцож толгойн искра, хөлийн булчин суллах массажны аппаратаар үйлчилгээ үзүүллээ.

Байгаль орчны нэгжийн хамт олон өдөрлөгт оролцсон ажилтан тус бүрт өөрсдийн байжуулсан хайлаас модны 10 ширхэг суулгац үнэ төлбөргүй өгч, мод тарьж, арчилж ургуулах зөвлөгөө өглөө.

Ийнхүү компанийн ажилтнуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны талаарх зөв мэдлэг ойлголт өгч, өвчлөлөөс сэргийлэх, эрүүл ажлын байрыг дэмжих зорилготой “Зөвлөн тусалъя” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 500 гаруй ажилтан оролцож ХАБ-н болоод эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ авлаа.

Share this story!