ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт Багануур ХК-ийн төлөөлөгчийн газрын хурлын танхимд 96.06 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хурлыг Эрдэнэс Монгол нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, тус нэгдлийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр, Хууль, эрх зүйн газрын ахлах менежер Б.Гэрлээ болон компанийн ТУЗ-ийн гишүүд, бусад хувьцаа эзэмшигчид оролцож, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

– Компанийн 2023 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

– Компанийн 2023 оны үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

– Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гарсан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;

– Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай

– Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай.

Компанийн тухай хуулийн 62.1.7, 77.2-т заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг улируулан сонгох тухай асуудлыг хэлэлцэж, төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж 6 гишүүн, “Монголиан нейшнл коал корпорейшн” ХХК-г төлөөлж 2 гишүүн, хараат бус 4 гишүүнийг улираан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг дүгнэж Эрдэнэс Монгол нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлсэн үгэндээ: Багануур ХК-ийн 2023 оны үйл ажиллагааг хангалттай сайн гэж дүгнэж байна. 4.6 сая тонн нүүрс олборлон борлуулж, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг нүүрсээр найдвартай хангаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтоо биелүүлэн ажилласан уурхайчин хамт олонд нь баяр хүргэж, амжилт хүсье гэлээ.

Мөн удирдлагын багийг зөв систем, зөв хандлага, тогтолцоогоор ажиллаж нийгмийн даатгалын хуримтлагдсан өр төлбөр болоод бусад бэлтгэн нийлүүлэгч компаниудын өр төлбөрийг барагдуулж, санхүүгийн сахилга баттай ажилласныг цохон тэмдэглээд цаашид үргэлжлүүлэн зөв зарчмаар ажиллаж 2024 онд ашигтай ажиллахыг үүрэг болголоо.

Share this story!