Уулзалтын эхэнд Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал 2023-2024 оны өвлийн оргил ачааллын үеийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, төлөвлөгөөний гүйцэтгэлийг танилцууллаа.
Дараа нь компанийн санхүүгийн нөхцөл байдал, олон жилийн хуримтлагдсан өр төлбөр, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажилтнуудын нийгмийн асуудал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын өр төлбөр зэрэг тулгамдсан асуудлуудаа танилцуулав.
Мөн Багануурын уурхай цаашид өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг нүүрсээр найдвартай хангахын тулд нүүрсний үнийг нэмэгдүүлэх, зах зээлийн зарчимд нийцүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байгаа тухай илэрхийллээ.
Монгол улсын шадар сайд С.Амарсайхан:
“Багануур ХК-ийн нүүрсний үнийн зөрүүнээс үүссэн алдагдлыг бууруулахын тулд засгийн газраас анхаарч ажиллана. Хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ. Налайх, Багануур, Багахангай нийслэлийн алслагдсан 3 дүүргийн амин сүнс нь Багануурын уурхай юм. Багануурын уурхайн тулгамдсан асуудал бол зөвхөн Багануурын асуудал биш, эрчим хүчний салбарын төдийгүй Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний чухал асуудал юм. Тиймээс Багануурын уурхайн найдвартай ажиллагаанд тээг саад болж буй гол асуудал болох нүүрсний үнэ тарифыг шат дараатай арга хэмжээ авч шийдвэрлэнэ. Эрчим хүчний салбарыг зах зээлийн жамаар явуулаагүй, үнэ тариф тогтооход төрийн зохицуулалттай явж ирсэн нь эрчим хүчний салбарыг элгээр нь хэвтүүлэхэд хүргэсэн. Энэ байдлаас гарах ганц гарц нь нүүрсний үнийг чөлөөлөх юм. Нүүрсний үнийг чөлөөлж эрчим хүчний салбарыг эдийн засгийн чөдөр тушаанаас салгана” гэлээ.
Мөн тэрээр “Эрчим хүчний салбарын ачаалал цаашид жил ирэх тусам нэмэгдэх учир үнэ тарифын асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ажлын хэсгээс гарсан саналыг Монгол улсын Засгийн газрын хурал, Үндэсний аюулгүй байдлын хурлаар хэлэлцүүлнэ” гэлээ. “Цаашид эрчим хүчний салбарын байгууллагуудыг төрөөс татаас авч амь зогоодог биш байлгахын тулд эрчим хүчний тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай, олон жил яригдсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ажил хэрэг болгож, амьдрал дээр хэрэгжүүлнэ” хэмээгээд өвлийн ачааллын үлдсэн хугацаанд эрчим хүчний салбарт түлшний нөөцийг хэвийн хэмжээнд байлгахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.