ДҮҮРГИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн, Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК 2024-2025 оны өвлийн ачааллын үеэ амжилттай давж, жилийн эхнээс үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр биелүүлэн ажиллаж байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй найдвартай хангах ажлынхаа сацуу нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн дүүргийн ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө төр захиргааны байгууллагатай жил бүр санамж бичиг байгуулан хамтран ажилладаг. 2024 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилт одоогийн байдлаар 86 хувьтай гэж хоёр тал дүгнэлээ. 2025 онд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2025.04.25/ Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар үзэглэлээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хамтран Монгол Улсын Засгийн Газрын Хот хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллана. Мөн “Агаар орчны бохирдол, хог хаягдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг дэмжих, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах чиглэлээр дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал:

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл “Багануур”ХК-ийн “Нэг сая мод” тарих аяны хэрэгжилтийг дэмжин мод бут тарих, үрсэлгээ, бойжуулалт хийх газрын асуудлыг шийдвэрлэх,

– 2026 онд Монгол улсад зохион байгуулагдах Цөлжилтийн эсрэг НҮБ-ын конвенцын КОП-17 хурлын хүрээнд дээд түвшний уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан дүүргийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангах,

– Цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. (дүүргийн нутаг дэвсгэрийн хур хог хаягдлыг зайлуулахад машин техник, хүн хүчний дэмжлэг үзүүлэх)

– Дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд компанийн Байгаль орчин, нөхөн сэргээлт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулах, СӨБ, ЕБС-ийн сурагчдад хүрээлэн буй орчин, модны ач тус, мод тарих арга, хог хаягдлыг ангилж хаях талаар сургалт явуулах,

– “Төмөр динозавр” музей, соёл амралтын хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах

Багануур дүүргийн төр захиргааны байгууллага, Багануур ХК хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр гаргасан санал санаачилгыг дэмжин эдгээр болон бусад ажлыг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгалаа.

Share this story!