
2023-2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ХАМТЫН ГЭРЭЭГ 99.8 ХУВЬТАЙ БИЕЛСЭН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ
- Posted on
- admin
Багануур ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны 2023, 2024 онд хамтран хэрэгжүүлсэн хамтын гэрээний биелэлтийг дүгнэх хурал өнөөдөр /2025.04.16/ боллоо. Компанийн захиргаанаас Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, Стратеги хөгжил хариуцсан менежер Д.Даваадаш тэргүүтэй ажлын хэсэг, ҮЭНХ-оос дарга С.Нарантунгалаг тэргүүлэгчдийн хамт оролцов.
2023, 2024 онд хэрэгжүүлсэн 7 бүлэг 96 заалт бүхий хамтын гэрээг 99.8 хувийн биелэлттэй гэж хоёр тал дүгнэлээ.
Хурлын төгсгөлд хоёр тал цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо. Тухайлбал, “Эрчим хүчний зохицуулах хороо 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 167 тоот тогтоолоор нүүрсний үнийг бууруулах шийдвэр гаргасан. Хэдий тийм ч компанийн захиргаа ажилтнуудынхаа цалин урамшуулал, хамтын гэрээний дагуу олгодог хөнгөлөлт, тэтгэмжийг ямар нэгэн байдлаар бууруулахгүй байх шийдвэртэй байгааг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал илэрхийлсэн.
Мөн тэрээр 2025 оныг Эрдэнэс Монгол нэгдэл “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулаад ҮТП-Хөх нүүрс төсөл, Төмөр динозавр төсөл, ажилтнуудыг орон сууцжуулах хөтөлбөрүүдээ шат дараатайгаар хэрэгжүүлэх бодлого баримталж буйгаа хэлэв.
Төгсгөлд нь ажилтнуудын эрүүл мэндийн асуудал хамгийн чухал тул ажилтнуудыг эрүүл мэнддээ анхаарах, урьдчилан сэргийлэх үзлэгт ач холбогдол өгөх тал дээр, мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байх тал дээр ҮЭНХ-ны анхан шатны хороодын дарга, тэргүүлэгчдийг санаачилгатай, ажилтан нэг бүрдээ хүрч ажиллахыг уриалав.
ҮЭНХ-ны зүгээс 2023, 2024 онд хэрэгжүүлсэн хамтын гэрээнд өндөр ач холбогдол өгч ажилласан компанийн захиргаанд талархал илэрхийлээд, цаашид мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг сайжруулах, ахмад уурхайчид болон одоо ажиллаж байгаа уурхайчид “НЭГ САЯ МОД” тарих ажлыг хамтран хийх, нийгэм рүү чиглэсэн сайн үйлсийн ажил зохион байгуулах зэрэг санал гаргаснаар өнөөдрийн хурал өндөрлөлөө.

