БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙН ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ

Багануур ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар сонгогдон шинээр байгуулагдсан Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд өнөөдөр хүрэлцэн ирж компанийн үйл ажиллагаатай танилцаж, анхны хурлаа зохион байгууллаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн 13 гишүүний 8 гишүүн ирж, 5 гишүүн цахимаар хуралд оролцов.

Хурлаас өмнө компанийн удирдлагууд ТУЗ-ийн гишүүдэд ашиглалтад орсноос хойш 47 жилийн хугацаанд нийт 954.2 сая.м3 уулын цулын ажил хийж, 537.3 сая.м3 хөрс хуулж, 143.7 сая.тн нүүрс олборлоод байгаа уурхайнхаа хөрс хуулалт, нүүрс олборлолт, ус шүүрүүлэлт зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг процессын дагуу танилцуулж, 2025 оноос эхлэн хэрэгжүүлэхээр боловсруулсан төслүүд хэрэгжих газрын байршлыг үзүүллээ.

Дараа нь Багануур ҮТП-ийн “Хөх нүүрс” төсөл хэрэгжих байранд ТУЗ-ийн анхны хурал боллоо. Анхны хурлаар ТУЗ-ийн даргыг сонгох, компанийн үйл ажиллагааны ерөнхий танилцуулгатай танилцах тухай 2 асуудлыг хэлэлцлээ.

🔰Эхний асуудлыг ТУЗ-ийн бүрэлдэхүүн дангаар хуралдаж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Үндэсний хороо, төсөл, хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга П.Баттөрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонголоо.

🔰Хоёрдох асуудлыг хэлэлцэхдээ компанийн удирдлагын багийг оролцуулан Гүйцэтгэх захирлын танилцуулгыг сонсож асуулт саналаар хурал үргэлжиллээ. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал ТУЗ-ийн гишүүдэд компанийн товч түүх, зах зээлийн эзлэмж, хүний нөөц, технологийн ажлын гүйцэтгэл, тоног төхөөрөмж, санхүүгийн үзүүлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчин, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт, удирдлага зохион байгуулалт, бодлогын чанартай хийж хэрэгжүүлж буй ажил, хамтын ажиллагаа зэрэг агуулга бүхий дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Үүний дараа 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, 2025 оны бизнес төлөвлөгөөний тодотгол, ажилтнуудад орон сууц барих газрын эрх шилжүүлэх асуудал, нүүрсний үнэ тариф, татварын алданги торгууль зэрэг удаа дараа хойшлогдоод буй тулгамдсан 8 асуудлыг, ТУЗ-өөр шийдвэрлүүлэх санал танилцууллаа. Тухайлбал: Татварын ерөнхий газраас оногдуулаад буй 2016-2022 оны нийт 28.2 тэрбум төгрөгийн татварын алданги, торгууль зэрэг шийдэл эрсэн тулгамдаж буй асуудлууд ТУЗ-ийн гишүүдийн анхаарлыг татаж байв.

Шинэ ТУЗ-ийн гишүүд Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсний үнэ тарифыг өртгөөс нь доогуур үнээр борлуулах шийдвэр гаргадаг хэрнэ татварын алданги тооцдог нь төрийн алдаатай бодлого, эрүүл тогтолцоо биш хэмээн анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Хурлын дараа компанийн удирдлагууд засварын хэсгүүд, төв агуулах, “Уурхайчин” спорт цогцолбортой танилцуулснаар өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Share this story!