“ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН СУРГАЛТ-СУДАЛГАА-ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ” ҮНДЭСНИЙ II ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ КОМПАНИЙН УДИРДЛАГУУД ОРОЛЦОЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
- Posted on
- admin
“Эрдэс баялгийн салбарын сургалт-судалгаа-хамтын ажиллагааны хөгжил” үндэсний II хэлэлцүүлэг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн 8 байрын хурлын танхимд боллоо.
Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцсон байна. Тэрээр нээлтийн үгэндээ “Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгааны ажлыг гүнзгийрүүлэхэд мэргэжлийн их, дээд сургуулийн профессор, судлаач, багш нарын үүрэг оролцоо чухал” хэмээн онцолсон байна.
“Эрдэс баялгийн салбарын сургалт-судалгаа-хамтын ажиллагааны хөгжил” үндэсний II хэлэлцүүлгийн үеэр “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот нар 2026-2027 онд хамтран хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн тусгасан санамж бичгийг үзэглэлээ.
Санамж бичиг нь геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах зорилготой.
Багануур ХК ШУТИС-тай байнгын хамтын ажиллагаатай байдаг. Түүнчлэн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай 2023 оноос эхлэн 2 жил тутамд хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж буй.
Энэ удаагийн санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
-Хүний нөөцийг чадавхжуулах урт ба богино хугацааны сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох;
-Компанийн инженер техникийн ажилтан, мэргэжилтэн, ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх, бүх шатны түвшинд суралцах нөхцөлийг ШУТИС-ийн холбогдох журмын дагуу шийдвэрлэж ажиллах;
-Компанид шаардлагатай тэргүүлэх мэргэжлээр бодлогын хэмжээнд хамтран ажиллаж компанийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх;
-Геологи, уул уурхайн сургуулийн оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлагын байраар хангах, төгсөгчдийн компанийн хүний нөөцийн бодлого, дүрэм журамтай уялдуулан ажлын байраар хангах бодлого барих;
-Орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлалд тулгуурлан хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх;
-“Багануур” ХК-ийн нэрэмжит анги танхим байгуулах, компанийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан түгээх;
-“Багануур” ХК-д тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
-“Эрдэнэс-Эрдэм” зэргийн бус сургалт, судалгааны төвийг байгуулах, хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, “Багануур” ХК-ийн инженер техникийн ажилтнуудаар мэргэжлийн болон практик хосолсон сургалт явуулах;