БАГАНУУР ХК-ИЙН УДИРДЛАГУУД СПОРТЫН АМЖИЛТ ГАРГАСАН ХҮҮХДҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны хооронд нэг сарын хугацаанд Багануур ХК-ийн “Уурхайчин” спорт цогцолборын дэргэдэх секц дугуйлангийн хүүхдүүд спортын өндөр амжилт үзүүлж Улсын аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын тэмцээн, Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

Компанийн удирдлагууд спортын өндөр амжилт үзүүлсэн эдгээр хүүхдүүдээ өчигдөр /2025.11.10/ “Уурхайчин” спорт цогцолбортоо хүлээн авч, хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Тодруулбал: Монголын Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 2025 оны “U12” насны УАШТ-ээс охидын баг алтан медаль, “U13” насны УАШТ-ээс хөвгүүд, охидын баг хос алтан медаль, БНСУ-ын Гүми хотод болсон U12 насны ангиллын шайбтай хоккейн Олон Улсын тэмцээнд оролцсон Монгол улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 3 тамирчин оролцож мөнгөн медаль, Сингапур улсад болсон Aзи Номхон далайн орнуудын 13 дахь удаагийн цомын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний U12 насны охидын ангилалд Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 3 тамирчин оролцож мөнгөн медаль, Бахрейн улсад болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 3 тамирчин оролцож 4-р байранд шалгарсан амжилтуудыг тус тус үзүүлсэн юм.

Багануур Хувьцаат Компанийнхаа, Багануур дүүргийнхээ, Монгол улсынхаа нэрийн өмнөөс улс, олон улс, тивийн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, амжилт гаргасан өсвөрийн тамирчид, дасгалжуулагчиддаа Багануурын уурхайчид бид бүхэн бахархал дүүрэн байна. Та бүхнийхээ цааш цаашдын тэмцээн уралдаануудад амжилт хүсье.

ХУРДНААС ХУРДАН, ӨНДРӨӨС ӨНДӨР, ХҮЧТЭЙГЭЭС ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ ХҮҮХДҮҮДЭЭ.

Share this story!