“ТҮЛХҮҮР МЭДЛЭГ-ТӨГС ГАРАА” СЭДЭВТ ШИНЭ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
- Posted on
- admin
Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-нд 2024, 2025 онд шинээр ажилд орсон 125 ажилтанд зориулсан “Түлхүүр мэдлэг-Төгс гараа” сэдэвт сургалт өдөрлөг өнөөдөр боллоо. Энэхүү өдөрлөг нь шинэ ажилтнуудад компанийн эрхэм зорилго, алсын хараа, үүсэл хөгжил, үйл ажиллагааны чиглэл, бүтэц орон тоо, дүрэм журмыг танилцуулж уурхайчид гэх том багийн нэг гишүүн болж, амжилттай ажиллахад нь чиглүүлэх зорилготой. Мөн үүрэг хариуцлагаа ойлгон, хамт олонтойгоо илүү хурдан дасан зохицоход чухал нөлөөтэй. Өдөрлөгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: Багануур Хувьцаат Компанигүйгээр Монгол улсын уул уурхай, эдийн засаг, түлш эрчим хүчний бодлогыг төсөөлөхийн аргагүй. Энэ компанийн ажилтнуудын гараар бүтэж буй хөдөлмөр 1.6 сая хүн амтай Улаанбаатар хотын илч гэрлийг түгээж байгаа хариуцлагатай, чухал ажил хийдэг хамт олон. Багануур ХК бол Багануур дүүргийн хамгийн олон ажилтантай, ажил олгогч юм. Энэ компанид ажилд орохыг хүсэж буй мянга мянган залуус байгаа. Тэдгээр хүмүүс бүгд ажилд орж чадахгүй байгаа. Тэгвэл та бүхний хувьд энэ компанийн ажилтнуудын нэг эд эс болсондоо үргэлж баярлаж бахархаж, алтан уурхайнхаа үр шимийг олон жил хүртэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах ёстой юм шүү.Тэр утгаараа шинэ ажилтнууд та бүхэн хамгийн үнэ цэнтэй гол хүмүүс юм хэмээн амжилт хүслээ. Дараа нь Захиргаа хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Дашцэрэн шинэ ажилтнуудад байгууллагын үйл ажиллагаа, соёл, аюулгүй ажиллагааны стандартуудыг ойлгож, ажилдаа хурдан дасан зохицох, багийн ажиллагаанд үр бүтээлтэй оролцох талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн дагуу Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Цагааннохой байгууллагын эрх зүйн орчин, үүрэг хариуцлагыг ойлгуулах, ажил үүргээ хууль ёсны хүрээнд зөв хэрэгжүүлэхэд чиглэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн сэтгэл зүйч Б.Номин “Уул уурхайн салбарт ажиллах сэтгэл зүйн бэлтгэл” сэдвээр мэдээлэл өгсөн. Түүний мэдээллийн агуулга нь шинэ ажилтнуудыг сэтгэл хөдлөлийн зохицуулалт, стрессийн удирдлагаар хангах, шинэ ажлын орчин нөхцөлд дасан зохицоход туслах, мөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, хамт олон дунд эерэг харилцааг бүрдүүлэхэд чиглэсэн юм. Өдөрлөгийн хамгийн гол сургалт болох “Хувь хүний хөгжил ба багийн амжилт” сэдэвт лекцийг хуульч, профессор Ц.Азбаяр уншлаа. Тэрээр хувь хүний үүрэг, хариуцлага, итгэл, урам зориг, зөв хандлага, тууштай байдал багийн амжилтын эхлэл бөгөөд орчин үед байгууллагууд сайн хийдэг ажилтныг бус сайжруулан хийдэг ажилтныг чухалчилдаг болсон тухай сонирхолтой мэдээлэл өглөө. Төгсгөлд нь ажилтнууд өөрийн гүйцэтгэж буй ажил нь уурхайн үйлдвэрлэлийн процесст ямар байр суурь эзэлдгийг бодитоор ойлгож, байгууллагын дотоод уялдааг бүхэлд нь харж мэдрэх зорилгоор өртөөчилсөн аялал хийснээр өнөөдрийн шинэ ажилтнуудад зориулсан өдөрлөг өндөрлөлөө.