ИРЭЭДҮЙН УУРХАЙЧИН СЭДЭВТ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Багануур ХК-ийн захиргаанаас жил бүр төгсөх ангийн сурагчдад компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж, уул уурхайн салбарт ажиллах боломжтой мэргэжил сонгохоор зэхэж буй сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөгийг өнөөдөр /2025.10.10/ зохион байгуулж Багануур дүүргийн 4 сургуулийн 12 дугаар ангид суралцаж буй 128 сурагчийг хамрууллаа. Хөтөлбөрийн дагуу эхлээд хүүхдүүдийг Алтан уурхай их танхимд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд хүлээн авч уулзлаа. Дараа нь ЗХНХ-ийн мэргэжилтэн Ж.Дашцэрэн компанийн танилцуулга, Багануур ХК-аас зарладаг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцууллаа. Түүний дараа сэтгэл зүйч Б.Номин сурагчдад зориулж “Мэргэжил сонголт ба шалгалтын стрессийг даван туулах нь” сэдвээр лекц уншиж, зөвлөгөө өглөө. Сурагчид сонирхсон мэргэжлийнхээ дагуу бүлэгт хуваагдан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, уулын тоног төхөөрөмжийн засварын хэсэг, технологийн авто машин механизмын засварын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн инженер ажилтнуудтай чөлөөт ярилцлага хийснээр өнөөдрийн өдөрлөг өндөрлөлөө. 12 дугаар ангид суралцаж буй хүүхдүүдийн зарим нь ирээдүйд эзэмших мэргэжлээ хэдийн тодорхойлоод тэр чиглэлээрээ хичээл сонголтоо хийчихсэн байдаг бол зарим нь хараахан шийдэж амжаагүй байдаг. Тэгвэл Багануур ХК-ийн жил бүр зохион байгуулдаг энэхүү өдөрлөг нь Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох уул уурхайн салбарт ажиллахыг мөрөөдөн, энэ чиглэлээр мэргэжил эзэмшихийг зорьж буй хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа авахад нь дэмжлэг болох ач холбогдолтой юм.

Share this story!