МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “НИЙТИЙН ХӨЛ БӨМБӨГ” ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ИЛГЭЭЛТИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Д.ТҮВШИНЖАРГАЛД ГАРДУУЛАВ.

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа. “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөр нь хүүхэд залуучуудын сонирхлыг хамгийн ихээр татдаг дэлхийн №1 спорт болох хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг уг спортоор хичээллэх боломж бололцоогоор хангах, бааз суурийг бэхжүүлэх зорилготой юм.

Өнөөдөр /2024.04.16/ Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөлбөмбөг хариуцсан хэлтсийн дарга Д.Тэрбаатар зэрэг холбооны удирдлагууд Багануур дүүрэгт Багануур ХК-нд хүрэлцэн ирж Ерөнхийлөгчийн илгээлтийг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, “Багануур хар алмаз” хөлбөмбөгийн клубын тэргүүн Д.Түвшинжаргалд гардуулж өглөө.

Ерөнхийлөгчийн илгээлтийг хүлээж авах ёслолын ажиллагааг Багануур ХК-ийн хөлбөмбөгийн алдрын танхимд зохион байгуулж, Багануур дүүргийн удирдлагууд, “Багануур хар алмаз” клубын дасгалжуулагч спортын мастер Б.Зориг өсвөрийн тамирчдын хамт, мөн Багануур ХК-ийн хөлбөмбөгийн багийн уурхайчин тамирчид оролцлоо.

Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн зорилго, зорилт, ач холбогдлыг танилцууллаа. Дараа нь Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, “Багануур хар алмаз” клубын тэргүүн Д.Түвшинжаргал хөлбөмбөгийн спортыг дүүрэг орон нутагтаа хөгжүүлэхийг зорьж, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулав. Тухайлбал:

– Багануур хар алмаз клуб нь дүүрэгтээ мини хөлбөмбөгийн талбай байгуулж байгаа бөгөөд одоогоор төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 40 хувьтай байгаа тухай,

– Хөлбөмбөгийн секц дугуйлан хичээлүүлж, өсвөрийн 40 гаруй тамирчин бэлтгэж байгаа тухай

– Багануур ХК-ийн ажилтнуудынхаа дунд 2 жил тутамд зохион байгуулдаг спортын их наадамдаа хөлбөмбөгийн төрөл оруулдаг тухай

Ёслолын арга хэмжээний төгсгөлд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд хэлсэн үгэндээ: Багануур ХК хөлбөмбөгийн маш сайн багтай. Түүнээс гадна уурхайдаа ажилладаг тамирчин залуус өөрсдөө санаачлан, санхүүжүүлж, гар бие оролцож ийм сайхан алдрын танхим байгуулсан нь үнэхээр бахархам. Хөлбөмбөгт зориулсан алдрын танхим Монголын 21 аймаг, 9 дүүрэгт байхгүй. Та бүхний хөлбөмбөгийн спортыг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, ирээдүйн тамирчин бэлтгэхэд оруулж буй хувь нэмэрт тань талархал илэрхийлье хэмээгээд хар алмаз клубын үйл ажиллагааг дэмжиж холбооны зүгээс бөмбөг, хэрэглэл материал, өсвөрийн тамирчдыг тоглолтын хувцасаар дэмжинэ гэлээ.

Share this story!