НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

“Багануур” ХК нь Монгол Улсын цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай нүүрсний хэрэглээний 60 гаруй хувийг дангаараа нийлүүлдэг томоохон уурхайн хувьд үйл ажиллагаа явуулж буй орон нутаг болон ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэхэд анхаарч ирсэн.
Байгуулагдсанаас хойшхи хугацаанд энэхүү үйл ажиллагаа нь голчлон компанийн ажилтнууд, тэдний гэр бүлд чиглэсэн олон нийтийн ажлыг системтэй зохион байгуулдаг байсан ч нийгмийн хариуцлагын тодорхой бодлого, стратеги байхгүй, байгууллагын соёлоор дамжин уламжлагдан ирсэн арга барилтай байв.
2013 онд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Нормисур Интернэшнл” компанийн нийгмийн хариуцлагын стратегийн зөвлөх багтай хамтран ажлын хэсэг байгуулж, Нийгмийн хариуцлагын 2014-2016 оны стратегийг боловсруулсан.

Компанийн нөхцөл байдалд хийгдсэн SWOT шинжилгээний дүнгээс нийгмийн хариуцлагын чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулдаг, зах зээлд тэргүүлэгч байр суурьтай, орон нутгийн иргэдийн дунд нэр хүнд сайтай зэрэг хангалттай давуу тал байгаа нь харагдаж байна.
Оролцогч талуудыг оролцуулсан зураглал гаргаж, ISO 26000 стандарттай холбоотой өөрийн компанийг үнэлэх аргачлалын дагуу мэдээлэл цуглуулж, гадаад дотоод шинжилгээ, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон байна.

Share this story!