НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Өнөөдөр компанийн Гүйцэтгэх удирдлага ажилтнуудаа хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсож, нээлттэй ярилцлаа. Ажилтнуудаа сонсож, санал хүсэлтийг нь үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах нь тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлж, улмаар ажлын бүтээмж нэмэгддэг сайн талтай. 500 гаруй ажилтан оролцсон уулзалтын эхэнд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал 2021-2022 оны өвлийн их ачааллыг амжилттай давсан уурхайчин хамт олондоо талархал илэрхийлсэн. Дараа нь компанийн үйлдвэрлэл, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, 2022 оны зорилго, зорилтыг хэрхэн биелүүлэх тухай болоод 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хангах талаар мэдээлэл өгсөн юм. Нүүрсний нөөц, хүний нөөц, тогтсон соёлыг давуу талаа болгосон Багануур ХК-нд тулгамдаж буй асуудлууд олон. Тухайлбал: Үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний үнээ нэмүүлэх, зардлаа бууруулах, урт болон богино хугацаат хуримтлагдсан өр төлбөрийг бууруулах, уул технологийн тоног төхөөрөмжүүд хуучирсан, техникийн насжилт өндөр тул техник шинэчлэлийг үе шаттайгаар хийх зэрэг олон асуудлууд бий. Тиймээс цаашид үйл ажиллагаандаа хүний нөөцийн зөв зохион байгуулалт хийх, техник технологийн уялдааг оновчлох, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах боломжийг бүрдүүлэн, хэрэгжүүлж ажиллах тухайгаа ярьлаа. Ингэхдээ ажилтнуудаа байнга сонсож санал, хүсэлтийг нь авч эргэх холбоотой ажиллана гэлээ. Харин ажилтнуудын илэрхийлж буй санал хүсэлтийн дийлэнх нь 2022.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, цалин хөлс, сэлбэг материалын хангамжтай холбоотой асуудлууд байв.

Share this story!