УУРХАЙЧИН ТАМИРЧИД СПОРТЫН МАСТЕР, ДЭД МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАВ.

2024 оны 01-р сарын 20,21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Дартс, Пауэрлифтингийн Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээнд Багануур ХК-ийн дэргэдэх “УУРХАЙЧИН” клубын тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тодруулбал: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Midway төвд болсон Дартсын 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг хотуудын нийт 850 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлөөр цэц сорин өрсөлдсөн байна. Тус тэмцээнд “Уурхайчин” клубээс 7 багийн 21 тамирчин оролцсоноос Ч.Нармандах ахлагчтай “Уурхайчин-1” баг түрүүлж улсын аваргын алтан цомын эзэн болжээ. Уурхайчин-1 багийн бүрэлдэхүүнд Багануур ХК-ийн Засварын хэсгийн засварчин- компрессорчин Ч.Нармандах, Үйлдвэр борлуулалтын албаны вагон бүртгэгч Д.Мөнх-Оюун, Технологийн автомашины ашиглалтын хэсгийн бульдозерчин Б.Энхсайхан нар оролцсон бөгөөд тэд бүгд дартсын “СПОРТЫН ДЭД МАСТЕР” цолны болзол хангасан байна.

Спортын төв ордонд болсон Пауэрлифтингийн /CLASSIC & EQUIPPED/ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 485 тамирчин хүч сорин өрсөлдсөн байна. Тус тэмцээнд “Уурхайчин” клубээс 10 тамирчин оролцож 5 алт, 2 мөнгө,1 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Мөн -66 кг-ын жинд оролцсон Багануур ХК-ийн Уулын 1-р хэсгийн гагнуурчин А.Энхсайхан 147.5 кг өргөж “СПОРТЫН МАСТЕР” цолны болзол хангажээ. Уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт ажлынхаа хажуугаар спортоор амжилттай хичээллэж, зорьсон зорилгоо биелүүлж улсын чансаатай тамирчид болсон уурхайчдадаа баяр хүргэе.

Share this story!