ХОККЕЙЧИД ӨВЛИЙН СПОРТЫН ИХ НААДМААС МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

2 дугаар сарын 6-аас 11-ний өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадамд Багануурын хоккейчид амжилттай оролцоод ирлээ.

“Нөхөрлөл, тэмүүлэл, амжилт” уриатайгаар зохион байгуулагдсан энэ удаагийн наадамд нийслэлийн дөрвөн дүүрэг, 12 аймгийн нийт 660 гаруй тамирчин 40 гаруй дасгалжуулагчийн хамт оролцлоо. Тамирчид гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, хоккей, шорт трейк, уулын цана, снөүбоард гэсэн өвлийн спортын зургаан төрлөөр 567 багц медалийн төлөө өрсөлдсөн.

Багануур дүүргээс шайбтай хоккейн төрөлд насанд хүрэгчид болон өсвөрийн 34 тамирчин 4 дасгалжуулагчийн хамт оролцож Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмын хүрэл медаль, хүүхдийн спортын өвлийн VII наадмын мөнгөн медалийн эзэд болоод ирлээ.

Хүүхдүүд аваргын алтан медалийн төлөө Эрдэнэтийн Хангарьд багтай эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж сүүлийн нэг минутанд 1 гоол алдсанаар 5:4 харьцаатай хожигдож мөнгөн медаль хүртсэн. Харин насанд хүрэгчид хүрэл медалийн төлөө Дарханы шигшээ багтай тоглож 3:2 харьцаатайгаар хожсоноор хүрэл медаль хүртсэн.

Орхон аймагт нэгэн зэрэгт зохион байгуулагдсан өвлийн спортын 2 их наадамд амжилттай оролцож Багануур дүүрэг, Багануур Хувьцаат Компани нэрийг өндөрт өргөж гайхамшиг бүтээсэн тамирчид, дасгалжуулагч нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье

smart

Share this story!