ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛЛАА.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Багануур ХК эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа. Эш хөрөг залах ёслолыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нээж хэлсэн үгэндээ “Монгол улсынхаа гал голомтыг бадрааж яваа Багануур ХК-ийн уурхайчин хамт олон бид бүхэн өнөөдрийн энэ билэгт сайн өдөр их хааныхаа эш хөргийг уурхайчдынхаа алдрын танхимд хүндэтгэн залж байна. Мөн уурхайчдын маань сэтгэл зүрх, ур ухаанаа шингээж урласан ИЛЧ, ЭРЧ, ХҮЧ-ний бэлгэдэл болсон Монгол тулгыг хүндэтгэн залж байна. Монгол улсын маань гал голомт үүрд мандан бадарч байх болтугай, уурхайчдын маань яруу алдар бадартугай, Багануур ХК-ийн маань ажил үйлс үргэлж өөдөө мандан бадарч байг” гэлээ. Эш хөрөг хүндэтгэн залах ёслолд Багануур ХК-ийн удирдлагууд оролцож эш хөрөгт мэхийн хүндэтгэл үзүүллээ. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар хүрэлцэн ирж Эзэн Чингис хааны сан тахилга, гал тахилгын зан үйлийг хийлээ.

Share this story!