АХМАД УУРХАЙЧДАД ЗОРИУЛСАН УУРХАЙЧДЫН БАЯРЫН ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛЛОО.

Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулж байсан 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарсан энэ өдрийг уул уурхайн салбар үүсэж хөгжсөн ойн өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Багануур ХК уул уурхайн салбарын 100 жилийн ой, уурхайчдын баярын хурлыг 2 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсний дагуу өнөөдөр ахмад уурхайчдынхаа баярын хурлыг хийж, Уул уурхай, Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн медаль гардууллаа. Түүхт 100 жилийн ойн баярын хуралд уурхайн дарга асан МУ-ын Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан Д.Дондов, анхны инженер Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан Р.Сундуй, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат уурхайчин Н.Мөнхбаяр, Г.Отгонпүрэв, Гавъяат уурхайчин С.Батжаргал, О.Шагдаржав, П.Чулуун-Эрдэнэ, Ч.Дашбаатар, В.Хашхүү зэрэг Багануурын уурхайгаас төрөн гарсан алдар гавъяатай хүмүүс, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Багануур ХК-ийн удирдлагууд оролцлоо. Баярын хурлыг нээж Багануур ХК-ийн ахмадын зөвлөлийн дарга, МУ-ын Гавъяат уурхайчин С.Батжаргал, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Дараа нь их уурхайнхаа анхны шавыг тавьж байсан анхдагчид, илгээлтийн эзэд зэрэг Багануурын уурхайн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж 30 болон түүнээс дээш жил ажилласан ахмад уурхайчдадаа салбарын 100 жилийн ойн медаль гардууллаа. Баярын хурлын төгсгөлд урлагийн мэргэжлийн байгууллагын уран бүтээлчдийн бэлтгэсэн нүд баясгаж, сэтгэл сэргээсэн сайхан тоглолтыг үзүүлснээр өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Монгол орны өнцөг булан бүрээс ирж Багануурын уурхай, Багануур хотын их бүтээн байгуулалтад гал цогтой залуу насны хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад уурхайчид та бүхнээрээ үе үеийн уурхайчин хамт олон нь бахархах болно.

Share this story!