“БАГАНУУР” ХК, ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

1978 онд Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагааны хувьд уялдаа холбоотой ажилладаг хоёр байгууллагын хамтын ажиллагааг 2023 оны 8 дугаар сард байгуулсан хамтран ажиллах санамж бичгээр эрчимжүүлсэн юм.

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, ШУТИС-ийн ГУУС-ийн захирал К.Хавалболот нарын 2023.08.24-ний өдөр үзэглэсэн санамж бичиг нь геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах зорилготой.

Хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан магистрант, докторант оюутны 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын эрдэм шинжилгээний ээлжит хурал өнөөдөр Багануур ХК-ийн “Алтан уурхай” их танхимд боллоо. Эрдэм шинжилгээний хуралд 7 докторант, 5 магистрант оролцож илтгэл хэлэлцүүллээ. Урилгаар шинжлэх ухааны доктор, профессор Б.Пүрэвтогтох оролцож “Уул уурхайн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр лекц уншлаа. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр тус сургуулийн эрдэмтэн багш доктор, профессоруудаас гадна “Багануур” ХК-ийн Судалгаа хөгжлийн хэлтсийн дарга, Монгол улсын зөвлөх инженер, доктор Х.Хашбат, Техникийн бодлогын хэлтсийн дарга, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны магистр Т.Амарсанаа, Технологийн бодлогын хэлтсийн дарга Ч.Наранбат нар ажиллалаа. Эрдмийн зэрэг горилогчдын танилцуулсан илтгэлийг асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол, шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл, техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол зэргийг харгалзан дүгнэж байр эзлүүллээ.

Магистрантуудаас “Ухаа худгийн нүүрсний уурхайн тэсэлгээний ажлын оновчлол” сэдвээр илтгэл танилцуулсан УТС-ын магистрант Б.Баярсайхан тэргүүн байранд шалгарсан бол “Нүүрсний ил уурхайн нөөц авалтыг сайжруулан ашиглах боломж” сэдвээр итгэл танилцуулсан УТС-ын магистрант А.Сайнбилэг дэд байранд, гутгаар байранд “Шүүхийн шийдвэр дээр үндэслэн үйлдвэрлэлийн ослыг төрөлжүүлэх, талуудын хариуцлагыг тогтоох” сэдвээр илтгэл танилцуулсан ЭБИС-ын магистрант С.Агиймаа нар тус тус шалгарлаа.

Докторантуудаас “Тэсэлгээний аргаар бал чулууг алмаз болгон хувиргах боломжийн технологи” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ГУУС-ийн докторант О.Тэмүүл тэргүүн байранд шалгарсан бол дэд байранд “Уурхайн хүчиллэг урсцыг боловсруулах технологийн менежмент” сэдвээр илтгэл танилцуулсан УТС-ын докторант Н.Нэргүй, гутгаар байранд “Улны чулуулгийн тогтворжилтыг ашиглан шороон ордыг далд аргаар ашиглах арга” сэдвээр илтгэл танилцуулсан УТС-ын докторант С.Ган-Очир шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал хэлсэн үгэндээ: “Манай Багануур ХК нүүрсний асар их нөөцтэй. Гэвч дэлхийн улс орнуудад хүрэн нүүрсний хэрэглээ жил ирэх тусам багасаж байна. Ийм цаг үед Багануурын уурхай Налайхын уурхайн эмгэнэлт замналаар явахгүйн тулд өнөөдрөөс бид ирээдүйгээ харсан бодлого шийдвэрийг гаргаж, цаашид эрдэм шинжилгээ, инноваци технологид суурилсан ажлыг одооноос хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Багануур ХК бол газар зүйн байршлын хувьд нийслэлтэй ойрхон дэд бүтэц хөгжсөн, усны асар их нөөцтэй, дагуул хот болон хөгжих бүрэн боломжтой. Тиймээс манай компанийг түшиглэн ШУТИС-ийн харъяа сургалтын төв, лаборатори байгуулах бүрэн боломж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан Багануурын уурхайг түшиглэн үйлдвэр технологийн парк байгуулах том зорилго бидэнд байна. Үүнийг толгой компани Эрдэнэс Монгол ХХК болон Засгийн Газар дэмжсэн. Энэ ҮТП-ыг байгуулахад манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлууд багагүй хувь нэмэр оруулна гэж бодож байна” хэмээгээд цаашдын хамтын ажиллагаандаа амжилт хүслээ.

Share this story!