Манай тамирчин Дартсын улсын аваргаас Хүрэл медальтай ирлээ

Дартсын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2022.05.28,29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тэмцээнд нийт 84 багийн 340 тамирчин цэц сорин өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Багануур ХК-ийн дэргэдэх “Уурхайчин” клубын шигшээ багийн тамирчид оролцож шөвгийн 8-д шалгараад тэмцээнээ өндөрлүүлсэн.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 86 тамирчин оролцсоноос манай “Уурхайчин” клубын тамирчин Г.Золжаргал амжилт гарган Хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд УАШТ-ээс 3 дахь удаагаа хүрэл медаль хүртэж буй нь энэ юм. Мөн тэрээр дартсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 2019 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан шилдэг тамирчин юм. Дашрамд дурьдахад энэ удаагийн дартсын УАШТ-ний шигшээ тоглолтуудыг дэлхийн од “The Voice 180” хочит зарлагч шүүгч, Мэргэжлийн Дартс Корпорацийн элч төлөөлөгч Расс Бари шүүн явуулжээ.

Багануур ХК-ийн дэргэдэх дартсын “Уурхайчин” клуб нь анх 2016 онд 32 гишүүнтэй байгуулагдсан бол өдгөө 60-д гишүүнтэй улс бүсийн тэмцээнд чамгүй амжилттай оролцдог болсон. Тухайлбал УАШТ-ээс нийт 7 медаль хүртээд байгаа. Тус клубээс сар бүр Багануур дүүрэгтээ нээлттэй тэмцээн зохион байгуулж тамирчдад чансаа олгодог уламжлалтай.

Share this story!