Нөхөн сэргээлт-Нэг сая мод

Нөхөн сэргээлтийн анхдагч Багануур ХК жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж экологийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинг хамгаалах, дүйцүүлэн хамгаалалт хийх зэрэг ажлуудыг хийдэг. 1999 оноос хойш 190.5 га талбайг нөхөн сэргээж, 36.7 мянган мод тарьж ургуулан, хил залгаа 2 суманд дүйцүүлэн хамгаалалтын ажил хийгээд байна.

Багануур ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2030 он хүртэл “Нэг сая мод” тарьж ургуулахаар төлөвлөн энэ жил мод үржүүлгийн талбай байгууллаа. 2022-2024 онд буюу эхний 3 жилд арван мянган мод тариад цаашид жилд зуун мянгаас дээш мод тарьж, бойжуулж ургуулах төлөвлөгөөтэй. 2022 оны хаврын тариалалтаар мод уржүүлгийн талбайдаа 5800ш улиас, 2000ш бургасыг модлог мөчрөөр, 400 м2 талбайд хайлаас, 100 м2 талбайд шар хуайс, улиангар, агч зэрэг модыг үрээр тарьсан.

Эдгээр үрсэлгээг 3 нас хүргээд байгальд суулгана. Ингэхдээ Багануур дүүрэгтэй хил залгаа Төв аймгийн Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумдын нутаг дэвсгэрт тариалж ойжуулах юм.

Share this story!