ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОРЫН УРАЛДААНЫГ НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧ ТЭРГҮҮЛЛЭЭ.

Хүнд машин механизмын оператор мэргэжлийн суралцагчдыг бэлтгэдэг мэргэжлийн сургуулиудын суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сорих, харилцан туршлага солилцох, техник дээр ажиллах чадварыг сайжруулах, ажил олгогч байгууллагууд, мэргэжлийн сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой уг уралдаан Багануур ХК-ийн технологийн автомашины ашиглалтын хэсгийн талбайд болсон. Уралдааны шүүгчээр Хүнд машин механизмын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Платинум Ланд ХХК-ийн техник хариуцсан ерөнхий инженер Б.Батхүү, Багануур ХК-ийн ахмад инженер Р.Сугиражав, Багануур ХК-ийн Технологийн автомашины ашиглалтын хэсгийн инженер С.Дамбаренчин нар ажиллалаа. Хүнд машин механизмын операторын улсын уралдаанд 5 сургуулийн 8 оролцогч оролцож дүрмийн мэдлэг, гидро экскаватор ажиллуулах ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Налайх дүүрэг дэх Политехникийн коллежийн суралцагч Гүррагчаагийн Хур-Эрдэнэ 134 оноогоор тэргүүн байранд шалгарлаа. Дэд байранд Дорнод аймгийн Дорнод мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч Энхжаргалын Бадрал 125 оноогоор шалгарсан бол гуравдугаар байранд Налайх дүүрэг дэх Политехникийн коллежийн суралцагч, уралдааны цорын ганц эмэгтэй оролцогч Баяртогтохын Анжела 123 оноогоор тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Тус уралдаанд оролцож шагналт байранд шалгарсан болон оролцсон нийт сурагцагчдадаа талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.

Share this story!